1.1 Домэйн нэрийг ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers)-ын стандарт журмын дагуу MN домэйн нэрийн албан ёсны бүртгэгч Датаком ХХК болон Датаком ХХК-тай гэрээ бүхий Итгэмжит борлуулагч нар, эдгээр Итгэмжит борлуулагч нарын албан ёсны онлайн бүртгэлийн үйлчилгээний вэбээр дамжуулан бүртгэнэ.
1.2 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдох үйлдлүүд нь олон улсын ICANN -ны гаргасан заавар журмын хүрээнд болон Монгол улсад MN домэйн бүртгэлийн энэхүү журам болон бусад Mонгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэнэ.
1.3 Домэйн нэрийн бүртгэл үйлчилгээ нь нийтэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр адил тэгш эрхтэйгээр, “түрүүлж бүртгүүлсэн нь, эхэлж эзэмших” зарчмаар явагдана. Домэйн нэрийг Бүртгүүлэгчийн хүсэлтээр онлайнаар болон аль нэг албан ёсны эрх бүхий Бүртгэгч, Итгэмжит борлуулагч нарт хандан бүртгүүлж болно. Цаашид энэ журамд эдгээрийг хамтад нь Бүртгэгч гэнэ.
1.4 Бүртгүүлэгч нь домэйн нэр эзэмшигчийн мэдээллээ нууцлалын бодлогын хүрээнд интернэт дэх олон нийтэд нээлттэй WHOIS мэдээллийн санд байрлуулахыг зөвшөөрнө.
1.5 MN домэйн нэр нь .МОН -кирил домэйн нэртэй холбогдолгүй бөгөөд эдгээр нь тус тусдаа бие даасан үйлчилгээ болно. МОН домэйн нэрийн бүртгэлийг нэмэлт журмаар зохицуулна.
ХОЁР. MN ДОМЭЙН НЭР СОНГОХ
2.1 MN домэйн нэр бүртгэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж ирсэн нь эхэлж бүртгүүлэх зарчмаар явагдана.
2.2 Бүртгүүлэгч нь домэйн нэрээ нэгэнт бүртгүүлсэн бол домэйн нэрийн тэмдэгтийг өөрчлөх, засах боломжгүй.
2.3 Домэйн нэр нь аливаа бусад тусгай тэмдэгт ороогүй, хоосон зай (пробель)-гүй, зураас (-) р эхлэхгүй бас төгсөөгүй байна.
2.4 Бүртгүүлэгч нь бүртгэлийн системээр дамжуулан нэгээс дээш хэдэн ч домэйн нэр бүртгүүлэн эзэмших эрхтэй байна.
2.5 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан, барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэр болон хуулиар хориглосон аливаа нэг үйл ажиллагаа явуулах зорилгоор, эсвэл бусдын эрх ашиг хохироох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, эрх зүйн хэм хэмжээг чандлан дагаж, хувь хүний
2.5 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан, барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэр болон хуулиар хориглосон аливаа нэг үйл ажиллагаа явуулах зорилгоор, эсвэл бусдын эрх ашиг хохироох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, эрх зүйн хэм хэмжээг чандлан дагаж, хувь хүний ёс зүйг хүндэтгэж ажиллахаа энэхүү бүртгэл үйлчилгээний журам, гэрээгээр баталгаажуулна. Хэрвээ хууль журам зөрчсөн гэж үзвэл Монгол улсад мөрдөж буй хууль журмын хүрээнд бүртгүүлэгч нь өөрөө бүрэн хариуцана.
ГУРАВ. ДОМЭЙН НЭРИЙН ХУГАЦАА ДУУСАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУНГАХ
3.1 Домэйн нэр эзэмшигч гэдэг нь сонгосон домэйн нэр нь бүртгэлийн системд өөр этгээд бүртгүүлээгүй, давхцаагүй, бусдаас түрүүлж бүртгүүлж, сонгосон жилээр төлбөрөө бүрэн төлж бүртгэлээ баталгаажуулсан Монгол улсын иргэн (+18 -с дээш насанд хүрсэн), Монгол улсад бүртгэлтэй иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлбөр төлсөн хугацаандаа эзэмшиж буй домэйн нэрээ удирдах, захиран зарцуулах эрх үүссэнийг “домэйн нэр эзэмшигч” гэнэ.
3.2 Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Хамгийн багадаа 1 жил байна.
3.2 Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дуусахаас 45 хоногийн өмнөөс эзэмшигчийн мэйл хаяг руу үйлчилгээ дуусах гэж байгаа тухай сануулга захиа 4-5 удаа автоматаар илгээгдэнэ. Бүртгүүлэгч нь энэ мэдээллийн дагуу домэйн нэрээ үргэлжлүүлэн ашиглах бол хүчинтэй хугацаа дуусахаас өмнө домэйн нэрийн хугацааг сунгах шаардлагатай.
3.3 Домэйн нэрийн хугацаа дууссаны дараа домэйн нэр ажиллахгүй ч сэргээгдэх боломжтойгоор 35 хоног хүлээгдэнэ. Энэ хугацаанд бүртгүүлэгч домэйн нэрийн төлбөрөө төлөөд сэргээн авч болно. Үүнээс хойш домэйн нэр устгалын ангилалд шилжих ба энэ хугацаанд домэйн нэрээ сэргээх бол домэйн нэрийн жилийн төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр нэмж төлнө. Сэргээгдэх хугацаа нь уг домэйн нэр устсанаас хойш 30 хоног байна. Эдгээр хугацаа өнгөрсний дараа домэйн нэрийг сэргээх боломжгүй болж, хэсэг хугацааны дараа нийтэд нээлттэйгээр дахин худалдаанд гарна.
3.4 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлбөрөө төлж үйлчилгээгээ сунгаагүй тохиолдолд уг домэйн нэрийг эзэмших эрх болон хэрэглэгчийн гэрээ автоматаар цуцлагдаж, өөр Бүртгүүлэгч бүртгүүлж эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3.5 Бүртгүүлэгч тухайн домэйн нэрээ эзэмших эрхийн хугацаа нь уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний төлбөрийн хүчинтэй хугацаагаар хязгаарлагдана. Сунгалтын төлбөр төлөгдсөн тохиолдолд эзэмших эрх нь төлбөрийн сонгосон хугацаагаар сунгагдсанд тооцно.
3.6 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн үйлчилгээний сунгалтын төлбөр төлөөгүйгээс, эсвэл заасан хугацаанаас хоцорч төлсөн бол, эсвэл төлбөр төлсөн ч төлбөрийн баримт дээрээ өөрийн домэйн нэр, утасаа бичээгүй, эсвэл гүйлгээний утга тодорхойгүй банкны төлбөрийн гүйлгээний баримт ирүүлсэн зэргээс үүдэн домэйн нэрийн эзэмших эрх цуцлагдах, үйлчилгээ хаагдсан, өөр бүртгүүлэгч-д уг домэйн нэрийн эзэмших эрх нь шилжсэн зэрэг шалтгаанаар уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан имэйл хайрцаг дахь хувийн мэдээллүүд устгагдсан, уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан вэб цахим хуудсын дата мэдээлүүд нь сэргээгдэхээргүй устгагдсан болон уг домэйн нэртэй холбоотой цахим мэдээлэл, дата, контентын алдагдалд Бүртгэгч аливаа хэлбэрээр хариуцлага хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
3.7 Бүртгүүлэгч нь өөрийн эзэмшиж буй домэйн нэр дээр ашиглаж буй систем, програм хангамж, 3дагч этгээдээр дамжуулан ашиглаж байгаа програм хангамжийн нууцлал, хамгаалалт, нууц үгийн мэдээллийн алдагдал, санхүүгийн луйвар, харилцагч этгээдийнхээ имэйл хаягын үнэн зөвийг баталгаажуулаагүйгээс шалтгаалан санхүүгийн алдагдал хүлээх, интернэт орчинд тархсан програм хангамжийн дутагдал, вирус, цахим халдлага, харилцагчийнхаа хуурмаг мэдээлэл зэргээс үүдэн гарч болох аливаа санхүүгийн эрсдэл үүссэн тохиолдолд домэйн нэрийн Бүртгэгч хариуцлага хүлээхгүй болно.
ДӨРӨВ. ДОМЭЙН НЭР ШИЛЖҮҮЛЭХ
4.1 Бүртгүүлэгч домэйн нэрийг шинээр бүртгүүлсэн болон бусдаас шилжүүлж авснаас хойш 60 хоногийн дараагаас өөр хүнд болон өөр Бүртгэгчид шилжүүлж болно.
4.2 Бүртгүүлэгч домэйн нэр шилжүүлэх хүсэлтийг Бүртгэгчид мэйлээр ирүүлнэ. Бүртгэгч домэйн шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ.
4.3 Домэйн нэрийг хүлээн авч буй хэрэглэгч холбогдох мэдээллийг бүртгэлийн санд үнэн зөвөөр оруулна. Эзэмшигчийн мэдээллийг шинэчилсэн өдрөөс эхлэн домэйн нэрийг шилжсэнд тооцно.
4.3 Бүртгэгч байгууллагуудын хооронд домэйн нэр шилжих Итгэмжит борлуулагчийн гэрээний заалтын дагуу хэрэгжүүлнэ. Итгэмжит борлуулагч хооронд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхийг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд Итгэмжит борлуулагчийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
ТАВ. ДОМЭЙН НЭРИЙН ТӨЛБӨР, ТООЦОО
5.1 Бүртгүүлэгч нь тухайн домэйн нэрийн үйлчилгээ үзүүлж буй буй Бүртгэгчид үйлчилгээний төлбөрөө төлнө.
5.2 Домэйн нэрийн төлбөрийг төлж, нэгэнт идэвхжүүлсэн бол үйлчилгээг буцааж болохгүй бөгөөд бол төлбөр буцааж олгогдохгүй.
5.3 Домэйн нэрийг Итгэмжит борлуулагчээр дамжуулан авсан тохиолдолд үнэ өөр байж болох ч Бүртгэгчийн үйлчилгээ адил байна.
5.4 Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг 1-10 жилээр тооцно. Домэйн нэрийн үйлчилгээний жилийн төлбөрийн хэмжээг Датаком ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлана.
5.5 Домэйн нэр устсан бол түүнийг дахин сэргээж, цаашид үйлчилгээг үргэлжлүүлэн хугацааг сунгах тохиолдолд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр 100 тооцох нэгжийг төгрөгөөр тооцож төлнө.
ЗУРГАА. ДОМЭЙН НЭР БҮРТГҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
6.1 Бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлсэн хаягаар нь бүртгэнэ. Бүртгүүлэгч нь өөрийн нэр дээр онлайнаар болон биеэр ирж бүртгүүлэхдээ доорхи мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
6.1.1 Овог, нэр;
6.1.2 Төрсөн он сар өдөр (нийтэд харагдахгүй);
6.1.3 Регистрийн дугаар (нийтэд харагдахгүй);
6.1.4 Оршин суугаа хаяг:
6.1.5 Шуудангийн хаяг;
6.1.6 Телефон утас, факсын дугаар;
6.1.7 И-мэйл хаяг
6.1.8 Бүртгүүлэгч хэрэв бусдыг /хувь хүн, хуулийн этгээдийг/ төлөөлж буй бол түүнийгээ мэдэгдэх үүрэгтэй.
6.1.9 Бүртгүүлэгчийн албан ёсны утас, факсын дугаар (улсын код, бүсийн код, тохирох өргөтгөлийг агуулах ёстой)
6.2 Байгууллагын хэрэглэгч нь домэйн нэрийн үйлчилгээний гэрээг байгуулахдаа бүртгэгчид дараах мэдээллийг бүрдүүлж өгнө:
6.2.1 Байгууллагын нэр
6.2.2 Захирлын овог, нэр
6.2.3 Байгууллагын албан ёсны хаяг, байршил
6.2.4 Байгуулагын улсын бүртгэлийн дугаар
6.2.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
6.2.6 Утас, факсын дугаар
6.2.7 И-мэйл хаяг
6.2.8 Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар
ДОЛОО. ДОМЭЙН БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЦУЦЛАХ
7.1 Бүртгүүлэгч нь үйлчилгээний явцад 5 дугаар зүйлд заасан мэдээллүүд өөрчлөгдсөн тохтолдолд Бүртгэгчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Хэрэв Бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсвэл алдаатай байх нөхцөлд Бүртгэгч нь Бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэрийг бүртгэхээс татгалзах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
7.2 Бусад этгээдэд холбогдох домэйн нэртэй адил төстэй нэрийг Бүртгүүлэгч бүртгүүлсэн авснаас бусдын эрх ашгийг хохироосон нь хожим мэдэгдсэн бол Бүртгэгч холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн домэйн нэрийн үйлчилгээг зогссох, бүртгэхээс татгалзаж болно.
7.3 Бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрхтэй:
7.3.1. Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол;
7.3.2. Зайлшгүй шаардлагатай мэдээллийг өгөхдөө хэрэглэгч дутуу буюу бүрэн бус, худал мэдээллээр хангасан;
7.3.3. Төлбөр тооцооны асуудалтай бол;
7.3.4 Домэйн нэрийн эзэмшигчийн талаар маргаан үүссэн тохиолдолд;
7.3.5. Хүчин төгөлдөр шүүхийн актын (шийдвэрийн) дагуу;
НАЙМ. ГЭРЭЭ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
8.1 Бүртгэгч нь .MN домэйн нэр бүртгэлийн гэрээ, журамд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн гэрээ, журам нь вэбд тавигдсан илгээгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Тухайн өөрчлөлтийн талаар Бүртгүүлэгчид имэйлээр мэдээлнэ.
8.2 Хэрэв бүртгүүлэгч Датакомын гэрээ, журмуудын өөрчлөлтийн талаар хариуг бичгээр мэдэгдээгүй бол гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
ЕС. ДОМЭЙН НЭРИЙН ТАЛААР МАРГААН
9.1 Домэйн нэрийг эзэмших эрхийн маргаантай холбоотой асуудлаар талууд Монгол улсын холбогдох хууль журмын дагуу өмчийн маргаан шийдэх журмаар, харъяа дүүргийн шүүх эрх бүхий байгууллагад нотлох баримт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ. Домэйн бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгч Бүртгэгч нь энэ төрлийн маргаанд оролцохгүй ба хариуцлага хүлээхгүй.
9.2 Домэйн нэрийн эзэмшигчийн эрхийн талаар гарсан аливаа маргаанд Бүртгэгчийн талаас WHOIS эзэмшигчийн мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээллээр хангахаас өөр үүргийг хүлээхгүй.
9.3 Домэйн нэр бүртгүүлэгч нь домэйн нэрийг зохих журмын дагуу ашиглаагүй мөн буруугаар болон таны эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаа бол энэ талаар тухайн хэрэглэгчтэй шууд хандаж болно.
9.4 Маргалдагч талууд Монгол улсын шийдвэр гаргах шүүхийн шатны эрх бүхий байгууллагаар маргаанаа таслуулж, эцсийн шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд тухайн домэйн нэрийн эзэмшлийг шүүхийн шийдвэрт дурдсан этгээдэд шилжүүлнэ.
9.5 Домэйн нэрийн маргааны шийдвэрлэх гол баримтлал, аргачлал нь тухайн домэйн нэрийг одоогийн албан ёсны эзэмшигч болон маргалдагч талуудын хоорондын дараах ерөнхий үндэслэлийг харгалзан үзнэ:
1. Домэйн нэр эзэмших эрхийн маргаан нь тухайн домэйн нэр дээрх вэб, имэйл болон бусад хэлбэрийн контент агуулгатай огт холбоогүй тусдаа маргаан юм. Тодруулбал: тухайн домэйн нэр нь уг домэйн нэр дээр хэвлэгдсэн цахим нийтлэл, дуу, дүрс, имэйл, текстэн мэдээлэл доторх мэдээлэл, агуулгатай огт холбоогүй бөгөөд зөвхөн домэйн нэр, түүнийг бүрдүүлсэн англи цагаан толгойн үсэг болон 0-9 тоон нийлэмжээр бүрдсэн энэхүү “домэйн нэр” -нь өөрөө ижил төстэй утга агуулгаараа бусдын эрх ашиг хөндсөн эсэх, уг домэйн нэр нь оюуны өмчөөр баталгаажсан бусдын нэрийг ашигласан эсэх, хуулиар хориглосон аливаа үйл ажиллагааг энэ домэйн нэр дээр явуулсан эсэхийг л харгалзан үзэх гол үндэслэл болно.
2. Домэйн нэр эзэмшигч этгээд нь өмнө нь маргалдагч талын хамаатан садан төрлийн холбоотой, бизнесийн хамтрагч, байгууллагын ажилтан байгаад ажлаас гарсан, гэрээ дуусгавар болсон зэрэг үндэслэлээр домэйн нэрийн бүртгэлээ шинэчлээгүй, шилжүүлээгүй эсвэл бусдыг хууран мэхлэх зорилгоор домэйн нэрийг ашиглаж байгаа үндэслэлээ гаргаж нотлох шаардлагатай.
3. Тухайн домэйн нэр дээр холбогдсон вэбийн дотоод мэдээ, агуулгатай холбоотой маргаан гарсан тохиолдолд уг домэйн нэрийг хаах, бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргахыг Бүртгэгч зөвшөөрөхгүй бөгөөд энэ төрлийн маргаан нь домэйн нэрийн маргаан биш, харин тухайн цахим сайтын эзэн холбогдогч-д хандаж болно. Тодруулбал, цахим вэбийн агуулга, мэдээнд бусдын нэр төрд халдах, гүтгэлгийн шинжтэй мэдээ материал нийтлэгдсэн гэж үзсэн этгээд маргаан үүсгэсэн тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий этгээд үүнийг домэйн нэрийн маргаан гэж тооцохгүй, харин уг цахим вэбийн эзэмшигч этгээдэд хандаж шийдвэрээ гаргах.