Өнөөдөр түүнгүйгээр ажил, амьдралаа төсөөлж чадахгүй хэмжээнд хүрсэн хүн төрөлхтний салшгүй хэрэгцээ бол интернэт. Интернэтийн тухай яриа тун саяхных бөгөөд сонгодог утгаараа хэрэглээнд нэвтэрсэн нь 30 гаруй жил, хэн бүхний хэрэглээ болсон нь бүр ч саяхны түүх. Тэгвэл монголчуудыг дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж, технологид суурилсан бүхий л боломжийг хүртэх үүд хаалгыг “Датаком” компани өнөөдрөөс яг 28 жилийн өмнө нээж, Монгол Улсыг 24 цагийн интернэт сүлжээнд холбож байв. Үүний үр дүнд манай улс Ази тивээс интернэтэд холбогдсон 10 дахь улс болж, 1996 оны нэгдүгээр сарын 17 -ны энэ өдөр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Тэр цагаас хойш “Датаком” компани интернэтийн анхдагч, Монголын ууган мэдээлэл технологийн компаниудын нэг төдийгүй домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээнд суурилсан үйл ажиллагаа явуулдгаараа олон нийтэд сайтар танигдсан юм. Тус компанийн тэмдэглэлт өдөр тохиож буйтай холбогдуулан өнгөрсөн хугацаанд бий болгосон үнэ цэн болоод ойрын жилүүдэд хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар “Датаком Системс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Анхзаяатай ярилцлаа.
Тэрбээр оюутан байхаасаа “Датаком” компанид мэргэжлийнхээ дагуу дадлагажиж, түүнээс хойш өнөөг хүртэл 12 жилийн турш компанидаа тасралтгүй ажиллаж буй. Ер нь “Датаком” -ын ажилтнуудын дийлэнх нь компанидаа тун тогтвортой ажиллаж, дотооддоо болон олон улсын түвшинд үнэлэгдэхүйц чадварлаг мэргэжилтнүүд болон төлөвшдөгөөрөө онцлог. Энэ талаар ч мөн хөндөн ярилцсан юм.
Ярилцлага эхлэхээс өмнө “Датаком” компани сүүлийн жилүүдэд хурдацтай өсөлт үзүүлсэн талаар, мөн анх ажилд орж байсан 12 жилийн өмнөх үеийнхээс тань харилцагчдын тоо ойролцоогоор гурав дахин нэмэгдсэн тухай та дурдсан нь сонирхол татлаа. Эндээс яриагаа эхлүүлье.
Технологи хөгжиж, системүүд автоматжихын хэрээр ажиллах хүчний тоо буурч байгаа ч бүтээмж эсрэгээрээ өсөж байна. Намайг ажиллаж эхэлснээс хойш “Датаком” компанийн хэрэглэгчдийн тоо ойролцоогоор гурав дахин өссөн. Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалан бизнесийн байгууллагууд технологийн давуу тал, ач холбогдлыг гүнзгий ойлгох болсноор алсын зайнаас ажиллах, системүүдийг автоматжуулах шаардлага тулгарсан. Үүний үр дүнд, зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар мэдээлэл технологийн компаниудын үйл ажиллагаа тэлж, өсөлттэй ажилласны нэг нь “Датаком”. Өөрөөр хэлбэл, манай компанийн хэрэглэгчдийн тоо, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ өнгөрсөн жилүүдэд хурдтай тэлсэн. “Датаком” компани домэйн нэр буюу интернэт хаягийг тойрсон маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй. Эдгээрээс дурдвал, вэб хостинг үйлчилгээ, аюулгүй байдлын үйлчилгээ, бизнес и-мэйл үйлчилгээ, вэб бүтээх, тусгай захиалгын систем нэвтрүүлэх үйлчилгээнүүдийг ч дурдаж болно. Энэ дундаа вэб хостинг үйлчилгээ маань хоёр дахин өссөн. Үйл ажиллагааны хувьд ингэж өргөжсөн учраас технологийн алба маань тусдаа компани болсон нь “Датаком Системс”. Хариуцан ажиллаж буй уг охин компани маань “Датаком” -ын технологийн холбогдолтой бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн шийдэл, системийн аюулгүй байдал, цаашдын хөгжилд төвлөрч ажиллах юм.
Өмнө нь бид гадаадын вендор байгууллагуудын үйлчилгээнд тулгуурлан түншилж, лицензийг нь авах ажлуудыг хийдэг байсан бол одоо датаг Монголдоо хадгалах үүднээс энэ бүхнийг өөрсдөө хөгжүүлж, технологийг нь хариуцах болсноор үр дүнгүүд бодитоор харагдаж эхлээд байна.
Өнөөдөр “Датаком” компани Монгол Улсыг интернэт сүлжээнд анх холбож, гадаад ертөнцтэй цахим байдлаар холбогдох үүд хаалгыг нээсэн 28 жилийн ойн өдөр тохиож байна. Мөн компани өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон талбарт анхдагч, шинийг санаачлагч байж ирсэн. Иймээс өнгөрсөн он жилүүдэд бий болгосон үнэ цэн, ололт, амжилтаа уншигчидтай хуваалцахгүй юу?
Манай компани зах зээлээсээ ямагт түрүүлж алхсаар ирсэн. Тэр утгаараа алдсан нь ч бий, оносон нь ч бий. Түрүүлж алхана гэдэг өөрөө цаг хугацаа, хөрөнгө оруулалт их шаарддагаараа эрсдэлтэй. Гэхдээ хэн нэгэн түрүүлж алхаж, зах зээлийг нээж өгөх л болдог. Магадгүй “Датаком” -ын оронд өөр компани ч байж болох байсан. 1996 онд бид Монгол Улсыг интернэт сүлжээнд холбосноос хойш түрүүлж алхаж, нэвтрүүлсэн маш олон үйлчилгээ бий. Тухайлбал, анхны онлайн захиалга хийдэг вэбийг ашиглалтад оруулж, анхны цэнэглэдэг карттай үйлчилгээг нэвтрүүлж байсан. Түүнчлэн тухайн үед дэлхийд технологи нь нутагшиж, хөгжөөгүй байхад кириллээр интернэт хаяг бичиж, и-мэйл илгээх зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр туршиж байсан гэх мэт.
Ер нь өнгөрсөн хугацаанд манай хамт олон зах зээлээ, харилцагчдаа сургах тухайд хангалттай хэмжээнд ажиллаж чадсан гэж боддог. Жишээлбэл, бид “Бизнес 2.0” академийг байгуулан ажилласан нь бизнесийн ашиг орлого олох гэхээс илүү эхлээд зах зээлээ бэлдэж, дараа нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх зорилгын хүрээнд хийсэн ажил байсан. Тухайн үед хэрэглэгчид технологийн үндсэн ойлголтуудыг авч чадсан учраас бизнесээ хааш чиглүүлэх, ямар алхмуудыг хийж урагшлуулах тухайд хурдацтай процесст орсон гэж найддаг. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд Google компанитай хамтран Google for Education төслийн систем, цаашлаад онлайн сургалтын системийг их, дээд сургууль, ЕБС -д нэвтрүүлж байв.
Дашрамд дурдахад, 28 жилийнхээ ойг тохиолдуулан манай компани нэгдүгээр сарын 31 -ийг дуустал урамшуулал зарласан. Хэрэв та вэбсайтаа манайд байршуулбал домэйн нэрээ үнэгүй бүртгүүлэх боломжтой (Урамшууллын код: internet28, www.datacom.mn).
“Датаком” бол Монголын технологийн салбарын ууган компаниудын нэг. Та бүхэн үйл ажиллагаа анх явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл мэдээлэл технологийн салбар тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэ хугацаанд анхны зорилго, алсын хараа, стратегиа цаг үеийн онцлогтой уялдуулан хэрхэн өөрчлөн шинэчилж ирсэн бэ?
Бид үндсэн зарчмаа одоог хүртэл хэвээр хадгалан ажиллаж байна. “Датаком” компанийн анхны зорилго хүмүүсийг, монголчуудыг холбох байсан. Өнөөдөр эргээд харвал интернэт өөрөө бүхий л тоног төхөөрөмжийг хооронд нь холбож, дэлхийн нэг өнцгөөс нөгөөд хандах боломжийг үүсгэж байна. Тэгвэл одоо нэгэнт холбогдсон байгаа интернэтэд “Юу хийж болох вэ?”, “Бизнесүүдийг хэрхэн холбох вэ?”, “Бизнес болон хэрэглэгчдийг яаж холбох вэ?” гэсэн дараагийн алхмууд яригдаж эхэллээ. Үүний тулд нэгт, бизнесүүд интернэт хаягтай байх ёстой. Жишээлбэл, домэйн нэр байна. Мөн бизнесүүд өөр хоорондоо найдвартай харилцаа үүсгэхийн тулд и-мэйлтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг онлайн орчинд байршуулан ажиллах шаардлагатай болж байна. Өнөөдөр 20-30 мянган идэвхтэй харилцагчтай “Датаком” компанийн баримтлан ажиллаж буй алсын хараа яг үүнд чиглэж байгаа. Нэг үгээр, бизнесийн байгууллагууд онлайн орчинд үйл ажиллагаагаа нэвтрүүлж, цааш саадгүй авч явахад нь туслах зорилготой. Бид дэд бүтэц байгуулахаар анх зорьж байсан бол өдгөө нэгэнт бий болсон дэд бүтцээ ашиглан хийж болох дараагийн алхмууддаа илүүтэй төвлөрч байна.
Түрүүн хариултдаа домэйн нэр тойрсон үйлчилгээнүүдээс гадна тусгай захиалгын системүүд хөгжүүлж эхэлсэн талаараа ярьсан. Энэ тухай болон одоо ямар ажлуудад төвлөрч байгаа талаараа дэлгэрүүлэхгүй юү?
Манай компани Монголын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын тусгай захиалгаар томоохон системүүд хөгжүүлж, үйл ажиллагааг нь цахимжуулж байна. Үүний үр дүнд, инженер, техникийн ажилтнууд маань ямар ч төрлийн систем хөгжүүлэлтэд сүүлийн үеийн технологиуд ашиглан чөлөөтэй хөрвөн ажиллах чадамжтай болсон. Энэ ч үүднээс систем хөгжүүлэлтэд төвлөрөн ажилладаг “Датаком Клауд” компани байгуулагдсан. Тусгай захиалгын систем гэхээр мобайл аппликэйшнээс эхлээд цахим зээлийн систем гэх зэргээр ямар ч бүтээгдэхүүн байх боломжтой. Хөгжүүлэлт гэх мэт олон талаар бид Google, Microsoft зэрэг технологийн томоохон компаниас гадна Америк, Канад, Энэтхэгийн өөр цөөнгүй партнер компанитай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн Монголдоо бус гадаад зах зээлд ч цар хүрээгээ тэлж, түншилж ажилладаг. Үүний үр дүнд, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадагшаа гаргах боломж бүрдэж байна. Энэ дагуу 2025 онд Төв Азийн зах зээлд нэвтрэхээр төлөвлөж, судалж байна. Тэнд бид өөрсдийн шинэлэг технологийг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол бидний дараагийн зорилго, амбиц.
Дотоодын компаниудад хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ч сайжруулж ажиллана гэдгээ та дурдаж байсан. Тухайлбал, ямар шинэчлэлт, өөрчлөлтийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?
Өнгөрсөн оноос бид хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүнээ удирдаж, онлайнаар үйлчилгээ авч, төлбөр тооцоогоо төлөх боломж бүхий хамгийн энгийн функцтэй мобайл аппликэйшн хөгжүүлж эхэлсэн. Ирэх сард эхний хувилбараа танилцуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай компани вэбийн зах зээлд судалгаа явуулахад вэб хөгжүүлж буй мэргэжилтнээс хамаарсан эргэх холбоо маш их байдгийг, байгууллагууд вэбсайттай болсон ч шинэчилж, засаж сайжруулахгүй тэр хэвээр нь орхичихдог тал ажиглагдсан. Тиймээс бид эргэх холбоо бага шаардсан, технологийн шинэчлэл, өөрчлөлтүүд байнга хийгдэж, тэдгээр өөрчлөлтийг “Датаком” буюу хөгжүүлэгч байгууллагаас хариуцдаг web.mn хэмээх бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх гэж байна.
Web.mn -ээр дамжуулан ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч хувь хүн, компани байсан өөрт тохирох загвар, темплэйтээ сонгож, хэдхэн товч дараад л маш хялбархан байдлаар өөрийн гэсэн вэбтэй болох боломжтой. Энэхүү онлайн платформд бүх төрлийн төлбөр тооцооны системүүдийг холбож ашиглахад илүү хялбар болгосноос гадна технологийн өндөр түвшний мэдлэг шаардахгүй, мөн дундын зуучлагч ч шаардлагагүй гэдгээрээ онцлог. Web.mn -ийг эхний байдлаар ирэх гуравдугаарт сард зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашид энэ системийг хиймэл оюунд суурилсан байдлаар хөгжүүлэх төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл, тохирох утгуудаа текстээр бичиж оруулахад түүнд үндэслэн хиймэл оюун таны өмнөөс вэбсайт бүтээж өгнө гэсэн үг.
Дотоодын зах зээлд мэдээлэл технологийн маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. Танайхтай ижил төстэй чиглэлээр ажиллаж байгаа компаниуд ч бий. Тэдгээр компаниас “Датаком” -ын ялгарах онцлог юу вэ?
Манай тусламж үйлчилгээний баг маш сайн. Харилцагчид маань ч үүнийг сайн мэднэ. Түүгээрээ ч манай хамт олон бахархдаг. Хэрэглэгчдэд ямар нэг асуудал тулгарахад бид хамгийн удлаа гэхэд 2-4 цагийн хооронд шийдвэрлэдэг. Гол нь тэгж шийдвэрлэх чадамжтай дотоод механизм, системийг бид компанидаа бий болгож чадсан. Гэхдээ технологийн алдаа, доголдол гарах нь маш бага байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд технологийн ямар ч алдаа, доголдол үүсээгүй явж байна. Харин хөгжүүлэлтийн тухайд тэс өөр яриа болно. Бид вэб, софтвэйр хөгжүүлж өрсөлдөх гээд байгаа юм биш. 28 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага болон сүүлийн үеийн технологид тулгуурлан тухайн компанийн үйл ажиллагааны онцлогт тохирсон технологи нэвтрүүлье гэж зорьж байгаа. Бид захиалагчийн системийг нэвтрүүлснээс хойш 1-2 жилийн хугацаанд үүссэн асуудлыг шийдвэрлэж, засвар үйлчилгээг хариуцах байдлаар маш сайн нутагшуулж өгдөг давуу талтай.
Технологийн хөгжил бүх салбарт хамаатай болж хувирлаа. Технологигүйгээр өдгөө ямар ч салбарын, ямар ч компанийн цаашдын үйл ажиллагааг төсөөлөхийн аргагүй болсон байна. Ийм үед та бүхэн дунд болон урт хугацаандаа ямар стратегийн хүрээнд юунд зорьж ажиллахаар төлөвлөж байна вэ?
Ойрын таван жилийн хугацаанд “Датаком” компани эхний ээлжинд домэйн нэр, бүртгэлийн үйл ажиллагаандаа анхаарч ажиллах нь тодорхой. Мөн өмнө хэлсэнчлэн, одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулна. Хоёрт, бид зах зээлд нийлүүлж буй өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүгдийг нь Монголдоо байршуулах боломжтой буюу гадагшаа долларын ямар нэг урсгал гаргахгүй байхад анхаарна.
Гуравдугаарт, мөн өмнө дурдсанчлан гадаад зах зээл рүү гарна. Үүнтэй холбоотой зах зээлийн болон хэрэглэгчийн, технологийн судалгааг өргөн хүрээнд хийнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид олон улсын технологийн хурлуудад оролцож, нетворкингоо өргөжүүлж, тэлж чадсан. Эндээс бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой гадаадын байгууллагууд, манай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх санал тавьж, технологийн шийдэл эрэлхийлэн хандаж буй компаниуд олон байгааг анзаарсан. Товчоор, хэрэглэгчид, зах зээл байна гэдгийг олж харсан. Гэтэл өнөөг хүртэл бид гадагшаа чиглэсэн шийдэлд төдийлөн анхаарал хандуулалгүй явж ирсэн. Тиймээс ойрын хугацаанд энэ чиглэлд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
“Датаком” -ын хамт олон компанидаа маш тогтвортой ажилладаг нь анзаарагддаг. Та ч тэдний нэг. Энэ бүх амжилттай, өсөлттэй үйл ажиллагааны ард зогсдог, гол хөдөлгөх хүч болсон хамт олон, инженер, техникийн ажилтнуудынхаа тухай, тэдний ур чадварыг хэрхэн хөгжүүлж, анхаарч ажилладаг талаараа сонирхуулахгүй юу?
Манайх хүмүүсийн боддогоос харьцангуй цөөхүүлээ. Технологи хөгжиж, системүүд автоматжсан учраас олон хүн ажиллуулах шаардлага үүсдэггүй. Цөөхүүлээ учраас бид яг л нэг гэр бүл шиг байдаг. Бараг хоёр дахь гэр бүл ч гэж хэлж болно. Ажлын хувьд дарамт шахалт байдаггүй. Мөн бид Ковид-19 цар тахлаас хойш цагийн хувьд уян хатан байдлаар ажиллах болсон. Залуучууд их ажилладаг учраас гэр бүл, ар гэрээ зохицуулах ажил маш их гардаг. Тэгэхээр хатуу цагийн хуваарийн дагуу ажиллахад хүндрэлтэй байдаг. Түүнчлэн компанийн зүгээс инженерүүдээ тогтмол хилийн гадагшаа сургалтад хамруулдаг. Заримдаа хамтарч ажилладаг олон улсын партнер байгууллагын тэтгэлгээр ч ингэж явуулах нь бий. Үүний зэрэгцээ цалин урамшууллыг зах зээлийн үнэлгээнд аль болох нийцүүлэхийг хичээдэг. Технологийн компани гэдэг утгаар бүх ажилтнаа зайнаас, онлайн орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрэн бүрдүүлэх үүднээс интернэт болон гар утасны төлбөрийг төлөх зэрэг хангамж цөөнгүй бий.
Хэрэв тухайн ажилтан маань IELTS, TOEFL шалгалтын тодорхой оноотой, эсвэл олон улсын мэргэжлийн сертификат авбал бид цалинг нь 7-10 хувиар нэмэх дотоод журам ч байдаг. Нэг үгээр, “Датаком” компанийн ажилтнууд цалин, урамшууллаа өсгөх болон бусад эдэлж болох хангамж, ашиг тусыг хүртэх боломж өөрөөс нь 100 хувь хамаардаг гэж ойлгож болно. Залуучууд өөрсдийгөө үнэхээр харуулж чадвал компанийн зүгээс өсөж хөгжихөд нь хангалттай дэмжиж ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд манай инженерүүд Google, AWS (Amazon Web Services), Oracle, Cisco зэрэг компанийн сертификатуудыг мэргэшиж буй чиглэл тус бүрээрээ авч өөрийн ур чадвараа ахиулсаар байна. Ингэж байж дотоодод ч, гадаадад ч үнэлэгдэх хэмжээнд хүрч, гадаадын партнер байгууллагуудын шалгуурт нийцдэг.
Эх сурвалж: Business.mn