Ази, Номхон далайн бүсийн домэйн нэрийн холбооны 87 дах удаагийн /Asia Pacific Top Level Domain/ хурал БНХАУ-ын захиргааны тусгай бүс Хонг Конг-д 2025 оны 02 сарын 10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба тус хуралд Датаком ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн хуралд Хонг Конгийн HKIRC /Хонг Конгийн Интернэт бүртгэлийн корпораци/ хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монгол, Хятад, АНУ, Япон, Солонгос, Сингапур, Вьетнам, Индонез, Шинэ Зеланд, Их Британи, Австрали, Энэтхэг, Орос болон бусад бүс нутгаас 150 гаруй домэйны салбарын удирдлагууд, бүртгэлийн операторууд, бодлогын мэргэжилтнүүд танхимаар болон онлайнаар оролцож өөрсдийн туршлага, сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээллийг солилцсон.
Тус хурлын арга хэмжээ 4 өдөр, дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан.
2025.02.10 Training Session буюу сургалт;
2025.02.11 Нээлт, APTLD-н 2024 онд авч хэрэгжүүлсэн болон 2025 онд хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл, оролцогчдын илтгэл, хэлэлцүүлэг;
2025.02.12 APTLD гишүүдийн хурал /гишүүдийн томилогоо, тайлан, төсвийн талаар хэлэлцүүлэг/, оролцогчдын илтгэл, хэлэлцүүлэг;
2025.02.13 Зохион байгуулагчдын тусгай арга хэмжээ;
Эдгээр өдрүүдэд оролцогчид домэйн нэрийн удирдлага, бүртгэл, мэдээллийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, түүний шийдэл, тус салбарт байж болохуйц шинэ боломжуудын талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл туршлагыг хуваалцсан бол Датаком ХХК-ийн хувьд хиймэл оюун ухааныг ашиглан оновчтой домэйн нэр санал болгож буй туршлагаасаа хуваалцсан нь хуралд оролцогчдын талархалыг хүлээсэн сайн илтгэл болж чадсаныг бусад оролцогчдоос ирсэн асуулт, танхим доторх уур амьсгалаас харж болхоор байсан.
Мөн 2026 онд APTLD90 уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор туршлага судлах, судалгаа хийх нь энэ удаагийн албан томилолтын нэг гол зорилго байлаа.
Жилд хоёр удаа зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд хамтран зохион байгуулагчаар ажиллахад APTLD-аас өгөх удирдамж, зөвлөмжийн дагуу бэлтгэл ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр тус холбооны гишүүдийн дунд эзлэх байр суурийг батжуулахаас гадна манай компаний Төв Азийн зах зээлд нэвтрэх зорилтыг нэг алхамаар урагшлуулах үйл явдал болох юм.
Мөн энэхүү хурлыг Монгол улсад зохион байгуулснаар зөвхөн манай компанийн хувьд ололттой байгаад зогсохгүй өөрийн улсын өв соёл, орчин цагийн монгол улсыг сурталчилан таниулснаар Датаком компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй бас нэгэн ажил болж чадна гэж харж байна.