Интернэт хэмээх далай мэт зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд хэн хаана хэрхэн оршин буйг олоход бэрх. Интернэтэд байрласан олон вэб сайтуудыг олж үзэхийн тулд бид тэдний хаяг нэрүүдийг мэдэж авах хэрэгтэй болдог. Иймээс вэбтэй болж бизнесийн цар хүрээгээ тэлэн, Интернэтээр алдаршихыг хүссэн хэн бүхэнд вэбийнхээ нэрийг сонгох асуудал тулгардаг.
Хүн болж төрөөд ээж аавын өгсөн нэрээр дуудуулж, дуурсах алдраа олж авдгийн адилаар Интернэтэд вэб хуудсаа байрлуулж, олонд таниулахад тухайн вэбийн нэр чухал үүрэгтэй. Вэбийн нэрийг домэйн нэр гэж нэрлэнэ. Дэлхий дахинаа домэйн нэрийн удирдлага, зохион байгуулалтыг ICANN (International Corporation for Assigned Names an Numbers) хэмээх олон улсын корпораци хариуцан ажилладаг. Энэ нь интернэтийн үй түмэн мэдээллийг цэгцэлж, хялбар нэрээр вэбийг үзэх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа хэрэг юм. Вэбийн хаяг буюу домэйн нэр дахин давтагдахгүй ганцхан ширхэг байдаг. Иймээс оновчтой домэйн нэрээ хамгийн түрүүнд сонгож авна гэдэг маш чухал юм.
Домэйн нэр нь сонгосон нэр ба өргөтгөлөөс бүрддэг. Вэбдээ зориулан домэйн нэрийг сонгохдоо, өргөтгөлөөс нь эхлэх нь маш зөв арга юм. Өргөтгөл гэдэг нь домэйн нэрийн арын хэсэг бөгөөд энэ нь вэб ямар чиглэлийнх вэ гэдгийг тодотгож өгдөг. Тухайлбал, .com - худалдааны, .edu - боловсролын, .org - ашгийн бус байгууллагын, .info - мэдээллийн, .biz - бизнесийн. .gov - төрийн байгууллагын гэх мэт. Мөн улсын код бүхий өргөтгэлтэй домэйн нэрүүдийг тухайн улс орны төлөөлөл болгох хэрэглэдэг. Монгол улс .mn товчлол бүхий домэйн нэрийг албан ёсоор ашигладаг. Бусад улсыг төлөөлсөн домэйн нэрүүдээс жишээ татвал, Япон .jp, Орос .ru, Хятад .cn, Солонгос .kr гэх мэт өргөтгөлтэй байна.
Дээрх хоёр өргөтгөлийг хоёуланг агуулсан байдлаар ч домэйн нэрийн өргөтгөлийг сонгож болно. Жишээлбэл, .gov.mn, .edu.mn гэх мэт. Энэ нь хэрэглэгч вэб сайтын хаягийг хараад л аль орны, ямар чиглэлийн вэб байна вэ гэдгийг мэдэж болдгоороо давуу талтай.
Эндээс, домэйн нэрийг сонгохдоо нэр болон өргөтгөлийг тусад нь бодож сонгох шаардлагатай нь харагдаж байна. Өргөтгөлийн хувьд, ямар хэлээр, хэнд зориулж вэб хийж байгаагаас шалтгаалан өөр өөр сонголттой байж болох юм. Монгол хэлээр, Монгол хүмүүст зориулсан вэб хийж байгаа тохиолдолд өргөтгөлийн сонголт нь улсаа төлөөлсөн байх нь илүү тохиромжтой. .mn өргөтгөл бол Монгол улсын төрийн соёмбот далбаа адил эх орноо төлөөлөн Интернэтэд мандуулах та бидний “брэнд” нэр билээ. Иймээс Монгол агуулгатай вэб бүхэн Монгол нэрээрээ алдарших нь хамгийн бахархалтай.
Домэйн нэрийнхээ өргөтгөлийг ийнхүү сонгосны дараа танд вэбдээ зохицсон нэрийг сонгох шаардлага гарна. Байгууллага эсвэл өөрийн нэрээр болон бизнесийн үйл ажиллагаандаа тохирсон нэрийг англиар, эсвэл монголоор галигчлан сонгож болох юм. Жишээ нь: bataa.mn, mashin.mn, car.mn гэх мэт. Нэрийг сонгохдоо юуны түрүүнд зорилтот хэрэглэгчиддээ хамгийн хялбар тогтоогдох үгийг бодож олох хэрэгтэй. Кирилл үсгээр домэйн нэр бүртгэх боломж хараахан нээгдээгүй байгаа тул монгол үгийг латин үсгээр галигчлан бичих эсвэл англи үг сонгох хоёр арга байна. Гэтэл англи хэл мэдэхгүй хүнд таны домэйн нэрийг цээжлэхэд бэрхшээл учирч магадгүй учраас монгол хүний оюун санаанд хамгийн ойр домэйн нэрийг сонгохыг эрмэлзэх хэрэгтэй.

Эдүгээ цагт Интернэт нийтийн хүртээл болж, хүн бүхэн вэб хуудастай болсноор домэйн нэрийн нийтлэг нэрүүд хэдийнээ эзэнтэй болж сонголт улам л нарийсч, хүмүүсийн хийсвэр сэтгэлгээг ч шаардах болсон байна. Вэб хуудасны нэрийг оновчтой сонгож чадсан нэгэн жишээг энд дурдъя. Автомашин сонирхогч Монгол залуус вэб сайтаа хийжээ. Энэхүү вэбсайтдаа автомашины талаар бүх төрлийн мэдээлэл, түүний эргэн тойрны бүх мэдээллийг монгол хэлээр оруулсан ба өдөр тутам шинэ мэдээ, мэдээллээр баяжуулж ажилладаг байна. Тэд домэйн нэрээ асаа.mn гэж сонгосон. Монголоор “асаа” гэдэг үгээр хөдөлгүүрт машиныг асааж л хөдөлгөөнд оролцдог гэсэн утгыг нь гаргасан байна. Монгол өргөтгөлтэй домэйн нэр төдийгүй дэлхий дахинаа англи хэлээрх товч, тодорхой, хялбар тогтоогдох нэрүүд хэдийнээ эзэнтэй болсон одоо үед энэ сонголт бол Монгол вэбийг алдаршуулах замыг нь нээж чадсан домэйн нэрийн оновчтой сонголтын жишээ болж байгаа юм.
Интернэтийн томоохон вэб сайтуудыг дууриан, ижил төстэй нэр сонгон ижил үйлчилгээ явуулах замаар хэрэглэгчдийг будлиулж дундаас нь ашиг олдог вэб сайтууд алдартай вэбүүдийг даган гарч байдаг. Ийм байдлаас сэргийлэхийн тулд өөрийн сонгосон нэртэйгээ адил төстэй нэрүүдийг ч мөн адил өөрийн эзэмшилд байлгах нь чухал. Жишээ нь, Ta Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө вэб сайт хийхээр төлөвлөн huuhed.mn гэж нэр сонголоо гэж бодоход галигчлан бичих стандартыг бодолцон xuuxed.mn, khuukhed.mn, хyyxed.mn гэж, улмаар англи хэл дээрх ойролцоо утгатай үгсээр нь kids.mn, сhildren.mn зэрэг нэрүүдийг ч өөрийн нэр дээр бүртгүүлэн авах хэрэгтэй. Энэ нь оюуны өмчийн маргаанаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Домэйн нэр сонгоход заавал утга учиртай үг сонгох албагүй бөгөөд bbb.mn гэх мэтээр дурын нэг нэрийг сонгож аваад, вэбээ найдвартай ажиллуулснаар таны бизнес энэ нэрээрээ брэнд болж алдаршиж ч бас болох юм.
Дэлхийн талыг эзэлж явсан Монгол улс даяарчлалын ертөнцөд өөрийн мөрөө гарган хөгжиж, ажил хэрэгч залуус, шилдэг пүүс, компаниуд цахим ертөнцөд цахиур хагалан .mn нэрээ дуурсгасаар яваа. Интернэтээр алдаршихаар зэхэж буй эрхэм Та ч бас вэб хуудсандаа Монгол домэйн нэрийг сонгож, “Монголоороо гоёорой”.

Бичсэн: Б.Үнэнбат, 2012 он